Кпоп сонсдог хүүхдүүдэд өгч болох хөөрхөн бэлгийн санаанууд


Кпоп гэх хөгжмийн урсгал эрчийг авч хүүхэд залуус ихээр сонирхон сонсох болсон. Энэ нь зүгээр нэг дуу хөгжим гэхээс илүүтэй хүнийг өөртөө дурлуулж, донтуулж чаддаг гэхэд болно. Өөрсдийн сонсох дуртай хамтлагийн гишүүдээс хамгийн дуртай, хайртай гишүүнээ сонгож, биас гэж нэрлэдэг бөгөөд тэднийг үзэж, догдолж, олон зүйлсийг сурч авахын зэрэгцээ зарим хүмүүс кпопыг стресс тайлах нэгээхэн арга болгон ашигладаг. Харин таны охин, хүү кпоп сонсох дуртай юу? Тийм бол тэдэнд шинэ жилийн баяраар өгч болох хамгийн гоё бэлгийн санаануудыг хүргэж байна.

Хүүхдээ хориглож хүчлэхийн оронд сонирхлыг нь дэмжиж байгаарай. Кпоп ертөнц аав ээжүүдийн төсөөлж байгаагаас тун ч өөр бөгөөд маш гэгээлэг, хөгжилтэй. Мэдээж хэтрүүлж донтох, айдол гишүүндээ хэт дурлах гэх мэт сөрөг үр дагаварууд гарч болох ч гэлээ, Монголд харьцангуй бага юм. Солонгост амьдардаг хүүхдүүдийн тухайд айдолоо дагаж мөшгих, амьдралаа хаяж тэдний хойноос хөөцөлдөж, хэдэн хоногоор гадаа нь хүлээж, хамаг мөнгөө тэдэнд зориулах гэх мэт үйлдлүүд гардаг байна. Ямартай ч хамтдаа кпоп сонсдог хүүхдүүдэд өгч болох шилдэг бэлэгнүүдтэй танилцъя.

Албан ёсны дэлгүүр дээрх бараанууд

Хамтлаг бүрт албан ёсны бараанууд зарагддаг интернэт дэлгүүр байдаг. Хүүхэд тань ямар хамтлаг сонсох дуртайгаас хамаарч, тэдний нэрийн бараанаас захиалж өгч болно. Жишээ нь гэхэд BigHit энтертайнментийн BTS, TXT, ENHYPEN гэх зэрэг хамтлагуудын нэрийн бараанууд weverse shop-оор худалдаалагддаг байна.

“Lightstick”

Хамтлаг бүрийн дэмжигчид тус тусдаа фэндом нэртэй байдаг төдийгүй өөр өөрийн гэх lightstick-тэй. Дэмжигч хүүхдүүд өөрсдийгөө фэндом нэрээрээ нэрлэж, заавал lightstick-тэй болох ёстой гэж үздэг бөгөөд тэд тоглолт үзэж, дуртай хамтлагаа дэмжихдээ, үүнийгээ гартаа барин, гэрлийг нь асаадаг. Жишээ татвал, алдарт BTS хамтлагийн фэнүүдийг Арми гэж нэрлэдэг ба, lightstick-ийг нь Арми Бомб гэдэг аж. Та онлайн дэлгүүрээс албан ёсны lightstick-ийг хүүхдэдээ захиалж авч өгөөрэй. Хүүхэд тань хөл нь газар хүрэхгүй баярлана гэдэгт итгэлтэй байна. Учир нь фэн хүүхдүүдийн нэгээхэн мөрөөдөл нь албан ёсны lightstick-тэй болох юм.

Цомог

Дуртай хамтлагийнхаа цомгийг цуглуулдаг хүүхдүүд олон байдаг. Гэсэн ч энэ нь багагүй үнэтэй тул хий дэмий мөрөөдөхөөс хэтэрдэггүй хүүхдүүд ч цөөнгүй. Кпоп цомгууд их сонирхолтой. Ганц dvd байхгүй бөгөөд дотор нь постер, карт, зурагтай ном, ломо карт, үгтэй ном гээд олон зүйл багтсан байдаг. Тиймээс та хүүхдэдээ дуртай хамтлагийнх нь цомгийг авч өгөөрэй. Цомгууд 40-100к төгрөгний хооронд байдаг бөгөөд та мөн л захиалаад авч болно.

Аяган бялуу

Аяган бялууг гоёоор хийдэг болсон шүү дээ. Хүүхдийнхээ дуртай хамтлагийн гишүүдээр хөөрхөн аяган бялуу хийлгэж өгөөрэй. Хүүхэд тань хайрлаад идэх ч чадахгүй хэчнээн их баярлана гээч.

Постер

Хүүхдүүд өрөөндөө дуртай айдолынхоо зургийг өлгөх дуртай байдаг. Өрөөгөөрөө дүүрэн постер өлгөөд, тэднийг харж хайр хүч авах нь элбэг. Постерийн тухайд тэр дор нь хүргээд өгөх кпоп онлайн дэлгүүрүүдээс авахад болох юм.

Хөрөг зураг

Дуртай айдолынх нь хөрөг зургийг зуруулж өгөөрэй. Сүүлийн үед хөрөг зураг зурдаг газрууд олширсон тул та хүүхдийнхээ дуртай айдолын зургийг явуулж, зуруулж аваарай. Гоёмсог жаазанд хийгээд өгөхөд тансаг бэлэг болно шүү.

Утасны гэр, энгэрийн тэмдэг, жижиг зүйлс

Төрөл бүрийн утасны гэр, түлхүүрийн оосор, энгэрийн тэмдэг гэх мэт хөөрхөн зүйлс олон байдаг. Та тэдгээрээс сонгож хүүхдэдээ авч өгөөрэй.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
21
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
3
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
2
Гунигтай