20 гэр бүлд гологдсон Дауны синдромтой бяцхан охиныг үрчилж аван хамгийн сайхнаар амьдруулж буй ганц бие эр


Дауны синдромтой бяцхан охиныг төрсөн ээж нь орхиж явснаар энэ түүх эхэлсэн. Бяцхан охин асрамжийн газарт амьдрах болсон бөгөөд 20 гаруй гэр бүл охинтой уулзсан даруйдаа л үрчилж авахаас татгалзсан байдаг. Хэнд ч тоогдохгүй ганцаар хаягдсан охиныг өөртөө авсан нэгэн бол Лука Трапанез юм.

Лука бол ижил хүйстэн залуу. Тэрээр найз залуугаасаа салсны дараахан хүүхэд үрчилж авахаар шийдсэн юм. Харин хүмүүст гологдож ганцаар үлдээд буй өвчтэй охины тухай сонссон Лука түүнтэй уулзахаар зорин очсон байна. Лука охиныг харсан даруй тийм гэхийн аргагүй мэдрэмж төрж, заавал энэ охиныг үрчилж аван, хайр дүүрэн амьдруулна гэж шийджээ.

Ганц бие гей залуугийн хувьд хүүхэд үрчилж авах амар байсангүй. Тэр охинд сайн аав бас ээж нь байж чадна гэдгээ батлахын тулд хөл хүрэх газар хүртлээ явж, ёстой л бууж өгөлгүй зүтгэсэн. Үүний хүчинд шүүх түүнд охиныг асран хамгаалах эрхийг өгсөн байна.

Охинд Альба гэх нэрийг хайрлажээ. Охин одоо 4 настай. Тэд өдөр бүрийг хөгжилтэй басхүү дурсамж дүүрэн өнгөрүүлдэг. Лукас зөвхөн охиныхоо төлөө амьдрах болсон бөгөөд охин нь түүнийг ааваа гэж дуудах үед амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжийг хүртсэн гэдгээ хуваалцжээ.

“Хүүхэд өсч торних явц үнэхээр сонирхолтой. Тэднийг хажуунаас нь ажиглаж бас хамтдаа аливааг бүтээж, бага багаар ахиж байгааг мэдрэх хамгийн сайхан. Миний амьдралд охин минь орж ирэхээс өмнө харанхуй бараан, хүйтэн байсан. Миний Альба аавдаа аз жаргал авчирсан сахиусан тэнгэр. Өглөө болгон сэрээд охиноо хооллож, эмийг нь уулгаж, эмчилгээнд нь авч яваад, сонирхолтой зүйлс хийж, хамт тоглож, ярилцаж, хамт хоолоо хийнэ. Энэ бүхэн намайг юу юунаас илүү жаргалтай болгодог зүйл” хэмээн Лукас өөрийн инстаграм хуудаснаа бичсэн байдаг.

Ганц бие эр энгийн хүүхэд хүртэл үрчилж авна гэдэг төсөөлөхөд бэрх байхад хүмүүс голоод орхисон өвчтэй бяцхан охиныг өөрөөсөө илүү хайрлаж, нандигнаж буй нь үнэхээр гайхалтай. Охин мэдээж бусад хүүхдүүдээс өөр. Альбаг харсан хүүхдүүд гайхдаг, дөлж зугтдаг. Тиймээс Альба аавтайгаа л тоглож, аавтайгаа л хамт өдрийг өнгөрүүлдэг байна. Харин энэ нь буруу болохыг тун сайн мэдэх Лукас охиноо бусадтай харилцах, ярилцах, тоглох гэх зэрэг нийгмийн амьдралд хөл тавиулахын тулд маш их хичээж, охиндоо тайлбарлаж, бага багаар алхам хийлгэж байгаа гэнэ.

Охин нь тун ч ухаалаг, үеийн хүүхдүүдээс өөр сэтгэдэг, тархины хөгжил нь маш онцгой болохыг Лукас дурдсан байдаг.

Охины аав “Бусдаас бага зэрэг өөр байлаа гээд гадуурхагдаж болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, бусдаас өөр хүүхдүүдийг нийгэм энгийнээр хүлээж авдаг болоосой гэж хүсдэг. Тиймээс би ном бичсэн юм. Охиноо өсгөх явцдаа ойлгосон, өөрийн харж туулсан мэдэрсэн бүхнээ номондоо шингээсэн байгаа. Мэдээж би дэлхийг өөрчилж чадахгүй. Гэхдээ ядаж л өөрийн чадах зүйлээ хийж, охиндоо бас түүнтэй ижил асуудалтай хүүхдүүдэд тусламаар байна” хэмээжээ.

Аав охин хоёр нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг бөгөөд өдөр тутамдаа хийсэн зүйлсээ хуваалцаж, хүмүүст үлгэр дууриалал үзүүлдэг. Тэд бол бие биедээ зориулагдсан хамгийн хөөрхөн аав охин хоёр.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
2
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
0
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай